Түүхэн товчоо: Анх 1972 оны 1 сарын 28-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Эрдэнэтийн овооны ордыг эзэмших техник эдийн засгийн үндэслэлийг баталсан нь 20-р зууны Монгол улсын манлай бүтээн байгуулалт Эрдэнэтийг хотыг байгуулах их үйлсийн гараа байлаа. Энэ цаг үеэс Эрдэнэтийн бүтээн байгуулалт их үйлсийн дуудлагаар олон зуун илгээлтийн эздийн ажиллаж амьдрах таатай нөхцөл, эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг, шаардлага зүй ёсоор тавигдсан юм. Энэхүү түүхэн хариуцлагатай үүргийг биелүүлэх зорилгоор БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1973 оны 07 сарын 10-ны өдрийн 105 дугаар тогтоолыг үндэслэн, Эрүүлийг хамгаалах яамны сайдын мөн оны 149 дүгээр тогтоол гарч, 1974 оны 6 сарын 10-ны өдөр Булган аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын тушаалаар Булган аймгийн Эрдэнэт хороонд Эрдэнэтийн овооны хүн эмнэлгийн салбарыг одоогийн Тосгон буюу тэр үеийн Геологичдын байр болох вагон сууцанд байрлаж дотрын 4, төрөх 2 нийт 6 ортойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлжээ. 1975 онд Сум дундын эмнэлэг болж, дотор-хүүхдийн, төрөх мэс заслын, халдвартын гэсэн гурван тасагтайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байлаа. 1976 оны 01 сарын 01-нээс Булган аймгийн эрдэнэт хороог “Эрдэнэт хот болгох тухай” БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 266 тоот зарлиг гарснаар Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлэг болсоноор түүхийн хугацааг тооцдог. 1982 онд ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар 450 хүнд нэг зэрэг үйлчлэх хүчин чадалтай амбулатори, поликлиник бүхий 220 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгын эхний ээлжийг ашиглалтанд хүлээн авсан. 1983 онд Нэгдсэн эмнэлгийн байрыг иж бүрнээр нь ашиглалтанд авч, 130 ортой хүүхдийн бие даасан эмнэлэг, Хялганат, Жаргалант хорооны эмнэлэг, арьс өнгө, сүрьеэгийн диспансер, Эмийн сангуудыг удирдах контор зэрэг олон байгууллагууд ажиллаж, эрүүлийг хамгаалахын тогтолцоо бэхжив. 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 56 дугаар тогтоолоор Орхон аймагт “Бүсийн оношлогоо эмчилгээний төв” -ийг байгуулаж энэ үеэс Орхон аймаг болон Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн ойрлцоох сумдын болон хойд бүсийн хүн амд төрөлжсөн нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.