Нүдний дотоод даралт хэвийн хэмжээнээс ихэсч харааны мэдрэлийг гэмтээснээр аажимдаа хараа муудахыг глаукома буюу нүдний даралт өвчин гэнэ. Глаукома нь дэлхий даяар өндөр настай хүмүүст түгээмэл тохиолддог ба хараа муутгах нүдний өвчнүүд дотроос хамгийн элбэг тохиолддог өвчин юм. Өвчний эхэн үед хараа муудахаас өөр шинж тэмдэг илэрдэггүй тул хүмүүс ихэвчлэн хүндэрсэн хойно нь мэдэх тохиолдол элбэг байдаг. Тиймээс эрт үзлэгт хамрагдах нь хараагүй болохоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Нүдний даралт (Глаукома) нь дотроо олон төрөл болон шалтгаантай байдаг. Анхдагч хаалттай өнцөгт: Нүдний эвэрлэг бүрхэвч болон солонгон бүрхэвчийн уулзах өнцөг хаагдан, ялгарсан шингэн гадагшилж чадахаа больдог. Анхдагч нээлттэй өнцөгт: Дамжуулагч эдэд бөглөрөл үүсэн шингэн гадагшлахаа болидог. Хэвийн даралттай нүдний даралт ихсэх өвчин: Хэвийн даралттай байсан нүдний харааны мэдрэл гэмтсэнээр даралт ихэсдэг. Мөн харааны мэдрэлд очих цусан хангамж дутагдсанаас үүсдэг. Төрөлхийн нүдний даралт: Нярай болон бага насны хүүхэд төрөлхийн харааны мэдрэлийн гажигтай төрдөг. Хоёрдогч нүдний даралт ихсэх өвчин: Гадны шалтгаант гэмтлээс үүдэн нүдэнд хурсан шингэн гадагшлах боломжгүй болох үед үүсдэг. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжгүй ч та нүдний эмчид тогтмол үзүүлж байх, нүдний дасгал тогтмол хийх, нүдээ гэмтээж, цочроохоос хамгаалж хамгаалалтын шил зүүж байх хэрэгтэй. Хэрэв танд дараах эрсдэлт хүчин зүйлс байгаа бол зайлшгүй нүдний бүрэн үзлэгт хамрагдаарай. • 40-с дээш нас • Эмэгтэй хүйс • Аав, ээж ойрын хамаатны хүн нүдний даралт ихсэх өвчтэй бол • Өндөр харааны шил зүүдэг • Нүдэнд бэртэл гэмтэл авч байсан