Дэлхий дээр ойролцоогоор 850 сая хүн бөөрний архаг өвчтэй байна. Бөөрний архаг өвчнийг эрт илрүүлж, цаг тухайд нь эмчлэхгүй бол бөөрний дутагдалд орж, хүнд хэлбэрийн хүндрэлүүд болон нас баралтанд хүргэдэг. Бөөрний архаг өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй дараах хүмүүс зорилтот шинжилгээ, эрт илрүүлэгт хамрагдаж байх хэрэгтэй. • Чихрийн шижинтэй • Цусны даралт ихэсдэг • Зүрх судасны өвчтэй • Таргалалттай • Бөөрний өвчний удмын өгүүлэмжтэй Дараах үзлэг, шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна. • Цусны даралтаа хэмжүүлэх • Биеийн жингээ хэмжиж, таргалалтын зэрэг тодорхойлуулж, зөвлөгөө авах • Шээсний шинжилгээ (Шээсээр уураг алдаж байгаа эсэхийг илрүүлэх) • Цусны шинжилгээ (Өлөн үеийн сахар, сахарын 3 сарын дундаж, сийвэнгийн креатинин, бөөрний түүдгэнцрийн шүүлтийн хурдыг тодорхойлуулах)